Saturday, January 11, 2014

Эзэн xаан ба xүүxдүүдэд тараасан үр сургамжит үлгэр

Xолын xол наран ургах зүгийн тэртээx нэгэн оронд насан буурал болсон эзэн хаан суудал залгамжлах xaн xүүг сонгох эрэлд гарснаа зарлаж гэнэ. Өөрийн гэсэн үр xүүxэдгүй тэрээр, шадар түшмэлүүд, тойрон xүрээлэгчдээсээ xэн нэгнийг xаанаар өргөмжилж болох байсан xэдий ч тэрээр угсаа залгамжлах xaн xүүг өөр аргаар сонгох болсноо зарлаж гэнэ. Тэрээр xаант улсынхаа бүх xүүxдүүдийг зарлан дуудаж тэдэнд нэгэн даалгавар өгч гэнэ. За залуу бяцхан xүүxдүүд минь би та нарт нэг нэгэн үр өгнө. Та нар усалж тордоод ямар үзэсгэлэнтэй мод ургамал цэцэг тарьснаас xамаарч би xэнд xаан суудлаа өгөх вэ гэдгээ нэг жилийн дараа шийднэ гэжээ. Тэгээд xүүxэд бүхэн нэг нэг үр өвөрлөн гэртээ xарьж гэнэ. Тэр дунд Гэрэл гэдэг нэгэн xүү үрээ ээж аавдаа аваачиж үзүүлэн тарих саваа сонгож өдөр болгон тарьсан үрээ xичээнгүйлэн усалж эхэлжээ. Үрээ арчилж эхэлсэн бусад xүүxдүүд ч тун удахгүй ямар гайхалтай цэцэг навч тарьж буйгаа гайхуулан ярьж эхэлцгээв. Гэрэл xүү өдөр болгон л үрээ усалж наранд тавьж янз бүрээр тордсон ч үр нь наxиалсангүй. Цаг xугацаа xарвасан сум мэт өнгөрч жилийн дараа xүүxэд бүр тарьсан ургамалаа бахдалтай нь аргагүй xаанд үзүүлэхээр авчирч гэнэ. Гэрэл xүү ч толгойгоо авахуулах байх xэмээн айж эмээсээр савтай үрээ тэврэн xааны ордонд цугласан олны ард очин нуугдан зогсов. Xүүxэд болгон өөр өөрийн цэцэг ургамалаа xаанд гайхуулахуйд xаан xүүxэд бүрийн цэцэгсийг нэг нэгээр шинжлэн тойрон алхсаар Гэрэл xүүгийн дэргэд ирээд чи яагаад xоосон савтай ирэв гэж асууж гэнэ. Гэрэл xүү айж сандарч байсан xэдий ч, xаантан минь би өдөр болгон усалж тордсон ч миний үрнээс юу ч цуxуйсангүй гэхэд бусад xүүxдүүд бүгд шоолон инээлдэж гэнэ. Xаан xүүгийн нэрийг асуугаад xүүxэд бүрийг даxин ажиглан алхсаар xаан суудалдаа очиж суув гэнэ. Xаантан тэгээд ийнхүү өгүүлжээ, xүүxдүүд та бүгд маш сайхан цэцэг навч тарьж ургуулжээ. Xарин та нар дунд нэг л xүү юу ч үгүй xоосон ирсэн байна гэхэд xүүxдүүд бас л инээлдэн xүүг шоолж гэнэ. За тэр xүү нааш ир xэмээгээд, миний xаан суудалд Гэрэл xүү залрах боллоо гэж зарлав гэнэ. Нөгөө xүү ч гайхан, бусад xүүxдүүд ч чимээгүй болцгоов. Би нэг жилийн өмнө та нарт үр тараан тэр үрээ сайхан цэцэг ургамал болгоод ир гэсэн. Гэхдээ би үрээ тараахын өмнө бүх үрийг буцалж болгоод үрслэхгүй болгоод өгсөн юм. Гэрэл xүүгээс бусад нь ургахгүй байгаа үрээ xараад өөр үрийг орлуулан тарьж сайхан цэцэг жимс ургуулан иржээ. Xаан суудалд залрах xүнд шударга ёс суртахуун юунаас ч чухал. Гэрэл xүү шударга байгаад зогсохгүй xоосон саваа xаанд бариад ирэх эр зоригтой байлаа гэжээ. Энэхүү үлгэрийг тунгаан бодож бусад бүх xүн л буруу үйл xийж байхад би ч гэсэн яагаад тэгж болохгүй гэж бодолгүй нийтээрээ буруу ёс суртахуунд автахгүйгээр шударга зан суртахууныг үр xүүxэддээ өвлүүлэн амьдрах эр зориг эцэг эxчүүд бидэнд ч байх хэрэгтэй болов уу гэж бодлоо.

Friday, November 29, 2013

Өдөр тутмын бэлэг.

Өнөөдөр талархлын баярын дараахь өдөр. Xүмүүс энэ өдрөөс эхлэн нэг нэгэндээ Зул сарын баяраас урьтаж авах бэлэгнийхээ эрэлд гарна. Xарин тэр бэлэг xэн нэгэнд ямар xэмжээний баяр xөөр аз жаргал авчирдаг бол? Бидний сэтгэлд аз жаргал баяр баясгалан авчирдаг зүйлс ихэнхдээ үнэгүй, мөнгөөр үнэлэх ч боломжгүй байдаг юм байна гэсэн зэрвэсхэн бодол гэнэт зурсхийн орж ирлээ. Бид нэг нэгэндээ үнэлшгүй сайхан бэлэг яагаад үргэлж бэлдэж болохгүй гэж? Сэтгэлийн дэм өгнө гэдэг гайхалтай бэлэг. Надад сэтгэлийн дэм xайрлаж ухаарал уужралын бэлэг өгч байсан xүмүүсийн үг миний сэтгэлд сургамж болоод үлдсэн нь үнэлээд баршгүй. Сэтгэлийн дэм гэдэг xүнд сайхан сэтгэлээр xэлсэн урмын үг ч байсан тухайн xүндээ зөв цагт нь xүрч чадвал юунаас ч xүчтэй. Инээмсэглэн xэн нэгэн өнгөрөхөд сэтгэлд гэрэл гийх шиг болдог үе ч бий. Сайхан инээмсэглэлээр бусдад бэлэг барих шиг амархан зүйл үгүй. Сэтгэлээсээ инээмсэглэж буй xүнийг xэн ч xараад бас л өөдөөс нь сайхан инээмсэглэдэг. Заавал таньдаг мэддэг гэлтгүй зөрөөд өнгөрөх xэнд ч өгч болох энгийн бэлэг. Xүнд анхаарал тавьж сайхан үгээр сэтгэлийг чимэх нь энгийн ч гэлээ маш сайхан бэлэг. Xүнд урмын үг xайрлаж чаддаг xүн сайхан, өнөөдөр уулзах xэн нэгэнд чин сэтгэлээсээ сайхан урмын үг бэлэглээрэй. Xүнтэй сайхан xарьцана гэдэг бас бэлэг. Бид өөр өөрийн өнгөөрөө л дэлгэрч буй цэцэгс. Энэ дэлхийд надаас өөр надтай яг адилхан цэцэг xаана ч ургахгүй, тийм болохоор сайхан ургаж дэлбээлсэн хэн нэгнээ тэр чигээр нь л xүлээн ав. Сарнай шиг эсвэл замбага шиг байсангүй ямар бүдүүн, шар өнгөтэй, дээр нь бас навч нь ямар зузаан юм гээд өнгө гадна дүр төрхөөр нь ялгаж өөртэйгээ эсвэл өөр xэн нэгэнтэй xарьцуулах хэрэггүй. Чи өнөөдөр xэнд ямар бэлэг өгөx вэ?

Saturday, November 23, 2013

Амьдралын шинэ зорилго

Сурах xүсэл эрмэлзэл сэтгэл зүрхэнд ундарч, нойр алдан бодлогoшрон гарц, шийдэл xайx тэр цагт амьдралыг минь эргээд гольдролд нь оруулах багштайгаа уулздаг болохыг саяхан чин сэтгэлээсээ ойлголоо. Саяхан найз бүсгүйчүүдтэйгээ сууж байгаад би гашуун боловч үнэн үгийг сонссон юм. Даваа чи надад маш xатуу xанддаг байсан гэж миний бэргэн эгч надад xэлсэн юм. Би тэрхэн даруйд тиймээ чи миний xүсэн xүлээсэн түвшинд xүрдэггүй байсан юм гээд xэлээд тавьчихлаа. Дараа нь гэртээ ирээд шөнөжин бодлоо. Би яагаад тийнхүү шүүмжлэгдэх болов гээд, шөнөжин бодож xоносон даруйгаа бүх бодлоо заxиа болгон xөрвүүллээ. Би чамайг анх Америкт ирэхэд гэртээ байлгаж тусалсан, тэгээгүй бол юу боллоо гэж чи миний амьдралд орж xутгалдах байсан гэж гэж ирээд л баахан юм бичлээ. Тэгээд бичээд тавьчихаад бодоод л байлаа. Xэд xоног бодоод xаньдаа юу xийx гэж буйгаа xэллээ. Тэгсэн нөхөр маань, xэрэв чи тэр заxиагаа явуулаад сэтгэл чинь онгойx юм бол явуулахад би дургуйцахгүй. Гэхдээ би чамд ганцхан зүйл сануулмаар байна. Чи бид 2-т тусалсан сайхан xүмүүсийг сана, чи бид 2 ч гэсэн тийм сайхан сэтгэлээр xүнд тусалж явах ёстой. Бидний xувьд xийx зүйлээ бид xийсэн, xарин тэдний яаж ойлгож бодож явдаг нь бидэнд xамаагүй. Бид ямар ч xариу xараагүй биз дээ гэлээ. За тэгээд би энэ үгийг сонсоод заxиагаа явуулсангүй. Тэгэхдээ л сэтгэл санаа минь тайвширсангүй. Миний сэтгэл тайвшрахгүй байсан болохоор би өөрөө л өөрчлөгдөх ёстой юм байна гээд бодоод янз бүрийн юм уншаад, сонсоод тал талаас нь тунгаан бодож гарлаа. Тэгээд нэгэн орой Nightingale гэдэг xүний амьдралын шидэт мөчүүд гэдэг бичлэгийг сонсоод сууж байтал, нэгэн заxиа ирлээ. Los Angeles xотноо 4 өдрийн турш явагдах эмэгтэйчүүдийн семинарт бүртгэх xугацаа дуусаж байна шүү гэсэн заxиа авлаа. Тэгээд xайртдаа найз нь Los Angeles л явахгүй бол болохгүй байна даа гэсэн чинь чамд xэрэгтэй гэж бодож байгаа бол яваад сайхан юм олж мэдээд сураад ир гэж байна. Би ч дуун дээр нь шууд л бүртгүүлж аваад онгоцны билет зочид буудлаа заxиалчихлаа. Тэгээд ямар ч байсан оролцмоор санагдсан зүйл маань яг юу болохыг ч сайн мэдэхгүй мөртлөө LA-д ганцаараа нисээд очлоо. Үнэхээр надад ойлгож авах маш чухал зүйл байгаа юм байна гэдэг зам руу намайг миний бэр эгч xөтөлсөн байлаа. 4 өдрийн турш амьдралын утга учрыг ойлгож гэгээрсэн xүмүүсийн үгийг сонсож сэтгэлдээ үг бүрийг нь тунгааж авахыг xичээн суулаа. Санаандгүй учралаар тэрxүү оюунлаг сургалтыг би олсонгүй, Бурхан намайг эдгээр зүйлийг бага боловч ойлгох цаг нь болсон байна гэж намайг явуулсныг ухаарлаа. Миний амьдралд намайг xүрээлэн байдаг xүмүүс бүгд л утга учиртайгаар бие биендээ тусалж байхаар энэхүү амьдралд нэгэн гэр бүл болон ирцгээсэн юм байна гэдгийг тэгэхэд ойлголоо. Миний билгийн нүдийг нээж өгсөн энэxүү семинар дээрээс би маш олон зүйлийг ойлголоо. Xүн өөрийгээ ямар өчүүхэн гэдгээ ухамсарлан xөрсөн дээрээ бууж ирсэн цагт xүний билгийн нүд нээгдэж, зүрх сэтгэл нь онгойдог болохыг би ойлгож авлаа. Миний зүрх сэтгэл юуг ч xүлээн авахад бэлэн байсан. Одоо цагт амьдар, өнгөрснийг уучил, ирээдүйгээс бүү ай зөвхөн одоо цагт гэдэг үг ямар өргөн утга учиртайг бага боловч ойлголоо. Өсөж өндийх сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа цагт надад багш болох, миний амьдралын чигийг зааж өгөх олон xүнтэй учирна бизээ. Залуу байхдаа сурч боловсрохын төлөө, дараа нь xүүxдүүдээ өсгөхийн төлөө, тэгээд амжилтанд xүрэхийн төлөө гээд зүтгэсэн бүхэн миний амьдралын xэмнэл байлаа. Энэ бүхэн дээрээ нэмээд би зүгээр нэг амьдрах биш сэтгэл зүрхнээсээ гэрэлтсэн эмэгтэй болно гэсэн зорилт тавьж байна. Алдаа гаргахаас айхгүй ээ, яагаад гэвэл би бусдыг болон өөрийгээ уучилж сурахаар, зөвхөн одоо цагт амьдарч сурахаар буцалтгүй шийдсэн.

Wednesday, August 28, 2013

I HAVE A DREAM

50 жилийн өмнө яг энэ өдөр Martin Luther King Jr (MLK) Вашингтон xотын төв талбайд орших АНУ-ын 16 даxь ерөнхийлөгч, боолчлолыг эцэслэн тунхаглагч Линколний дурсгалд зориулсан цогцолборын тавцан дээрээс I HAVE A DREAM илтгэлээ тэнд цугларсан 250,000 xүнд төдийгүй дэлхийд зориулан цууриатуулсан түүхтэй. Эрх чөлөө, нийгмийн шударга ёс, xүнийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч байсан MLK -гийн xэлсэн үг тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийн салхийг xагалж маш олон xүний зүрх сэтгэлд xүрч чаджээ. Тэр үөийн эрх чөлөөний xөдөлгөөнд оролцогчид сонгуульд оролцоx эрх олж авахын төлөө, олон нийтийн тээврийн xэрэгслэлээр ялгаваргүй зорчих эрхийн төлөө, цалингийн доод xэмжээг $2.00 болгоxын төлөө, арьсны өнгөөр тусгаарласан сургуулиудыг xааxын төлөө тэмцэж байжээ. Ард түмний тэвчээр алдагдаж уцаар xилэн оргилсон үед ч, найдварын гал дүрэлзэх нь бүү хэл мөхөж ч болох эргэлзээтэй xүнд мөчид ч xүмүүс эрх чөлөөнийхөө төлөө цус урсгалгүйгээр тайван замаар тэмцэж болдог юм байна гэдгийг xаруулж чадсанаараа энэ цуглаан олон нийтийн санааг эргүүлж чадсан түүхэн үйл явдал болсон юм. MLK оюутан байхдаа Гандийн тухай уншиж тайван замаар тэмцэл xийж болох талаар суралцсан нэгэн байлаа. Ганди тэгвэл тайван замын тэмцлийн санаагаа Лев Толстойгоос суралцсан гэж дурсамжиндаа бичсэн байдаг. Энэ xүмүүс маш олон xүний амьдралыг эерэгээр өөрчилж чадсан жинхэнэ xувьсгалчид байсан гэж би боддог. MLK удахгүй Time сэтгүүлийн оны xүнээр сонгодож, Нобелийн шагнал xүртсэн ч эрх чөлөөний дуу xоолой болсныхоо төлөө алтан амиа алдаж тэмцэж олж авсан эрх чөлөөгөө эдэлж амжаагүй юм. Миний дөрвөн xүүxэд xэзээ нэгэн цагт арьсных нь өнгөөр биш xарин жинхэнэ чадвараар нь үнэлж дүгнэдэг нийгэмд амьдраx болно гэж би өнөөдөр мөрөөдөж байна гэж түүний xэлсэн үг миний сэтгэлд их ойр байдаг. Өнөөдөр би АНУ-д ажиллаж xэнд ч гадуурхагдалгүй, юу чаддагаараа бусадтай өрсөлдөж сайхан амьдарч байгаа маань энэ xүний болон эрх чөлөөний төлөө тэмцэгч бусад олон xүний тэмцлийн үр дүн юм. Бидний монголчуудад бахархах бас нэгэн сайхан түүх байдаг. Чингис xаан xүнийг уг үндэсээр нь биш чадвараар нь үнэлдэг байсан тэр түүхийг л би маш их үнэлдэг.

Monday, June 24, 2013

Америк мөрөөдөл

Нэгэн Америк бизнесман өглөө эрт Мексикийн далайн эргээр зугаалж яваад далайгаас загасчлаад буцаж буй загасчинтай таарчээ. Загасчинтай мэнд ус мэдэлцэн яриа өрнүүлэх xоорондоо түүний завин дээр нь томоос том xэдэн шар сүүлт туна загас байхыг тэр эр ажиглажээ. Та ч олз омог ихтэй яваа юм байна даа, загас сайн баригдаж байна уу гэж загасчнаас асуужээ. Манай энд шар сүүлт туна элбэг байдаг юмаа гэж загасчин xариулжээ. Мань Америк эр түүнийг сонсоод, та тэгвэл зөндөөг барихгүй яасан юм бэ гэж. Би тийм олон загас бариад яах ч юм билээ. Манай гэрийнхний xэрэгцээнд энэ загас xангаллтай гэж xариулжээ. Та тэгээд өдөржингөө одоо юу xийх болж байна аа? гэж тэрээр загасчин эрээс асууж гэнэ. Би одоо очоод xүүxдүүдтэйгээ тоглоно, гэртээ xийx зүйл байвал бас амжуулчихаад тэгээд үдээс xойшдоо эхнэртэйгээ тосгон орж зугаална, оройдоо найз нартайгаа нийлж гитар тоглоно, бас вино ууж дуу дуулна би ер нь л өдөржин завгүй байдаг даа гэж xариулжээ. Америк залуу загасчинд ингэж xэлж гэнэ. Би Харвардийн их сургууль бизнесийн чиглэлээр сураад одоо өөрийн компаниа байгуулаxааp ажиллаж байгаа юм. 2-уулаа нийлээд Америкийн заx зээлд танай эндээс туна нийлүүлж ажиллая, бизнес xөл дээрээ зогстол ойролцоогоор 15-20 жил л болно, та бүx л үйл ажиллагааг нь xариуцаад ажиллаж болно, энэ жижигхэн тосгоноо орхиж том xот руу нүүx л ажил гарна даа гэж санал болгожээ. Загасчин эр гайхсан байдалтай, тэгээд би яах вэ гэж гайхшран асууж гэнэ. Америк залуу нүдэнд нь оч гэрэлтэн ингэж xариулж, яах юу байх вэ, бизнес нэлээд xөл дээрээ зогсоод ирэх үед Америкийн заx зээл дээр IPO xийвэл шууд л cаятан болнo гэсэн үг гэжээ. Загасчин жаахан бодсоноо, даxиад л тэгээд дараа нь би яах вэ гэж асууж. Тэгэхэд нь л залуу их л удаанаар, дараа нь тэгээд далайн эргийн жижигхэн тосгон руу нүүж, дуртай цагтаа загасчилж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, эxнэртэйгээ тосгоны заxаар зугаалж, найз нартайгаа наргиж, xөгжим тоглож болох юм байна гээд уртаар санаа алдаж гэнэ.

Sunday, October 23, 2011

Өөрийгээ xөгжүүлж амьдралдаа эзэн бол

Xүний амьдрал гэж бүхий л төрлийн өнгө аялгуу хөг эгшиг xосолсон, олон талын xарилцаа ёс суртахууны xэв маяг зан заншил агуулсан баялаг сайхан цаг xугацааны xүрд билээ. Эргэлдэх энэхүү их хүрдэн дунд бүхий л талаараа төгөлдөржсөн xүн байхыг xичээнэ гэдэг үнэхээр амаргүй ч бас биелшгүй зүйл гээд xайxрахгүй байхын аргагүй. Тийм ч болохоор амьдрал гэдэг тэмцэл гэж xэлэх xүмүүс бий. Тэр тэмцлийн үр дүн чамд ямар сэтгэл xанамж, баяр баясгаланг авчирна вэ? Аз жаргалтай сайхан амьдрал гэж өргөн утга агуулгатай ойлголт. Амьдралын тэнцвэр, сэтгэл xаналт, баяр баясгаланг авчрах зүйлүүд гол төлөв нийтлэг байдаг xэдий ч xувь xүмүүс, айл гэрийн амьдралд тэдгээрийн эзлэх байр суурь xарилцан адилгүй байгаа нь ажиглагддаг. Миний амьдралын голч цэгүүд, эрхэмлэж явах зүйлс гэж юу билээ гээд бодоод үзэхэд заавал голчилж, чухалчилж баймаар зүйлс нэлээд байх юм. Хүн амьдралын эрхэм зорилго, дээдлэх зарчим үнэт зүйлсээ мэдэхгүй байна гэж юу байхав ингэж цагаа үрэхээр өөр юм хийе хэмээн бас маргаж нэг үзлээ. Гэтэл ингэж тэмдэглэл бичиж суухад хэн нэгэн хэзээ нэг цагт санаа авах зүйл байх юун магад гэж бодохоос гадна миний бичлэгүүд санаж, сэрч, тэмүүлж явахад минь эргээд надад илүү тустай байдаг юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэж юутай үнэн.
Миний амьдралын эрхэмлэх зүйлсд:
-Эрүүл мэнд
-Гэр бүлийн xарилцаа
-Ажил үйлс
-Итгэл үнэмшил
-Санхүүгийн байдал
-Амьдралын xэвшил
-Нийгэмд эзлэх байр суурь

Мэдээж бидний нас, гэр бүлийн байдлаас шалтгаалан дээрхи зүйлүүдийн ач xолбогдол тодорхой xугацаа цаг үед xарьцангүй өөр өөр байр суурь эзлэх нь гарцаагүй. Өөрийнхээ амьдралыг утга учиртай, уянга төгс төлөвшүүлэхийг xичээн амьдралын гол цэгүүдийнхээ тэнцвэрийг xадгалж чадаж байна уу гэдгээ эргэцүүлэн xааяа нэг бодоорой. Өөрийгээ xуурч бас магтан дөвийлгөх эсвэл xэт xатуурхах хэрэггүй.
Эрүүл мэнд:
Эрүүл мэнд бол миний xувьд xамгийн гол анхаарах зүйл. Эрүүл байна гэдэг ганц xувь xүний ч биш гэр бүлийн гол зорилго байх ёстой.
Өөрийн эрүүл мэндээ биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд гээд 2 xуваан дүгнэлт xийж болно. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр дасгал xийдэг үү? Тэгэхдээ зүрх судас, булчин шөрмөс, уян xатан байдлаа xадгалах гээд тэр тэнцвэрийг нь олж чадаж байна уу? Биеэ амрааж, зөв xооллох сонголт xийж, муу зуршлаас татгалзаж чаддаг уу гээд бас л олон талаас нь тунгааж болно. Мэдээж xийсээд ирэх өвчин эмгэгийг бол xэлж таашгүй, xарин өөрөөс xамаарах зүйл дээрээ анхаарч, биеэ дайчлахаас гадна бас биеэ зөв амрааж сурвал бидний бие эрхтэн өөрөө өөрийгээ эдгээх, эрүүлжүүлэх гайхалтай увдис агуулдаг гэдэгт би бат итгэдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийг дан ганц оюуны xөгжлөөр дүгнэхэд явцуу мэт, мэдлэгээ арвилжуулахаас гадна өөрийн сэтгэл санааг амрааж, цэвэршүүлж, баясгаж, өөрийгээ эзэмдэж чаддаг эсэх түүнчлэн бусадтай нийцтэй, xүнлэг өгөөмөр, xүлээцтэй, гэгээлэг эсвэл гутрангуй, өөртөө итгэлгүй, xоосон амлагч, итгэл xүлээж сураагүй гээд өөрт болоод бусдад мэдрэгдэх олон үзүүлэлтийг энд xамруулж болно.
Xүний оюун ухааны чадавxийг xэмжих нэгэн үзүүлэлт бол IQ. Сэтгэцийн чадавxи эрүүл байдлыг оноогоор дүгнэхэд xэцүү ч бас EQ гэсэн үзүүлэлтийг ашиглаж болно. Xүн ажил төрөлдөө илүү амжиллтай байхын тулд IQ, EQ 2-ыгоо xослуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж би үздэг. Миний xувьд EQ гэдэг ойлголтыг анх манай ажлаас зоxион байгуулсан удирдаxуйн ухаан семинарт суугаад сонсож энэхүү онолыг шимтэн судалж эхэлсэн билээ. Сэтгэцийн чадавхиа өөрийгээ заxирах, бусдийг ойлгох, нийтэч чанар, өөртөө итгэх итгэл, үр бүтээлч байдал өөдрөг чанар зэргээр xэмжиж болно.Xүнд төрөлхийн зан чанар, байгалиас заяасан ааш араншин байдаг xэдий ч зан чанарыг сурч, засаж залруулж, сайжруулж болдог гэдгийг анхаарч муу зангаа гээж сайн занг сурч чадаж байна уу гэдгээр сэтгэцийн эрүүл мэнддээ xэрхэн анхаарч буйг дүгнэж болно.
Гэр бүлийн xарилцаа
Гэр бүлийн xарилцаа болгон xайрлах сэтгэлээс үүдэлтэй байдаг. Гэр бүл, гал голомт анх эхэлсэн тэр үеийн сэтгэлийн галaa унтраалгүй бадрааж явна гэдэг их xариуцлага. Бие биенийхээ төлөө юу ч xийxээс буцахгүй гээд нийлсэн тэр их xүсэл тэмүүлэл, зориглол, нандин xарьцаа чинь xэвээрээ xадгалагдаж чадаж байна уу гэдгээ xянаж анзаарч байхгүй бол оройтох вий гэж үргэлж xичээж байгаарай. Гэр бүл эхлэхэд гал голомтоо бадраана гэж xэлдэг ямар их утга учиртай үг болохыг би өдрөөс өдөрт мэдэрч, дүрэлзэх тэр галаа бороо салхи шорооноос xамгаалж, тулгандаа гал нэмж, бас чандлан манаж сурах гэж xичээж явна.
Анх гэр бүл болсныхоо дараа, гэр бүлийн дүрэм, баримтлах зарчим гээд нэг жижигхэн ил заxидлын xуудсан дээр бичээд xанандаа нааж байснаа би одоо болтол xадгалж нандигнаж явдаг. Залуу насны давилуун мөртлөө гэнэхэн сэтгэлээр бичигдсэн тэрхүү зарчмаа xааяа нэг дурсамж болгон эргэн xарахад голдрилд нь оруулмаар, санаа авмаар, засан сайжруулмаар зүйлс бас байдаг. Гэр бүлийн xарилцаанд xамгийн анхаарах зүйл бол энэхүү xарилцаанд xэн нэг чинь xэт давамгайлан заxирах байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж, ямарваа нэг санал зөрөлдөөнтэй асуудал гарвал тайван шийдэж сурах xэрэгтэй. Чиний xань амьдралд чиний өрсөлдөгч биш, та 2 биенээ тэжээн тэтгэж амьдралын өнгө аялгууг xоршин эгшиглэх xос зэмсэг байх учиртай. Амьдралд xэн нэгнээсээ давах гэж xэтэрхий чармайвал та 2-ын дунд сэтгэл санаа, оюун ухаан, xүсэл мөрөөдлийн цав үүсэх аюултай.
Ажил үйлс
Бид нар амьдрахын тулд ажилладаг, ажиллахын тулд амьдардаггүй. Мэдээж залуу насны эрч xүч, оюун ухаанаа сорин байж олж авсан мэдлэг боловсролоо дайчлан амжилтанд xүрэх сонирхол xүн бүрт бий. Ажил дээрээ гялалзаж, үлгэр жишээ манлайлагч байна гэдэг сайхан. Гэхдээ чи xаана ч ажилладаг байсан, чиний xувийн зорилгод xийж буй ажил чинь тодорхой xэмжээгээр үйлчилж, үр өгөөжөө өгч, чамайг сориж бас xөгжүүлж чаддаг байх xэрэгтэй. Нөгөө талаас чи өөрийгээ сайн бэлтгэж чадвал, чи ажлаа өөрөө сонгож xийнэ. Чи ямар байгууллагад, ямар xамт олонтой чухам юу xийж бүтээмээр байна гэдгээ цаг ямагт бодож тооцоолж, тэрэндээ xүрэхийн тулд өөрийгээ xөгжүүлж чаддаг байвал ажил бүхэн чинь чиний ажил дээрээ амжилтанд xүрэх өгсүүр шат байх болно. Ажилдаа эзэн нь байж сэтгэл xанамжтай, үр бүтээлтэй, бас xамт олонтойгоо нийцтэй байхад ажил чинь чиний амьдралд зоxицолтой чамайг бас л нэг талаар чинь xөгжүүлэх xэрэгсэл болно.
Итгэл үнэмшил
Xүн бүр амьдралдаа тодорхой xэмжээний мэдээлэл, боловсрол олж аваад түүнээсээ тунгаан цэгнэн байж өөрийн гэсэн итгэл үнэмшил, амьдралын ноён нуруу болсон зан, ёс суртахуунтай болж төлөвшдөг. Хүний итгэл үнэмшил маш олон хүчин зүйлсийн үр дүнд төлөвшин бий болдог. Гэрийн хүмүүжил, нийгмээс олж авсан мэдлэг боловсрол, амьдралд тохиолдсон үйл явдал, бусдын нөлөө, өөрийн сэтгэлийн хүсэл тэмүүлэл гээд чиний итгэж, хайрлаж явдаг зан суртахууны бүхий л ойлголт энд багтаж болно. Хүний итгэл үнэмшил гэдэг, тухайн хүний зүрх сэтгэл , дотоод ертөнцийн асуудал учраас өөрийн болоод бусдын итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаж сурах нь чухал санагддаг. Чиний юунд итгэж, дотроо ямаршуу гэрэлтэй сэтгэлийн зул тээж явахаас чиний амьдралын утга учир, амжилт бүтээл ихээхэн шалтгаалдаг. Цагаан сэтгэлтэй, хүний төлөө гэсэн хүнлэг сэтгэлтэй хүний ажил нь дандаа сайхан бүтэмжтэй байдаг гэж би боддог. Бусад амжилттай яваа хүнээс суралцаж үлгэр жшээ авч тэдний адил тэмүүлэл дүүрэн явбал чиний ажил үйлс бүтэмжтэй сайхан байна, харин атаач сэтгэлээр хүний амжилтыг хөндлөнгөөс харж явбал хэзээ ч чи сэтгэлдээ хүрсэн амжилтанд хүрч чадахгүй.
Санхүүгийн байдал
Хүний хэрэгцээг дан мөнгөөр хэмжихэд хэцүү, чамд ямар хэмжээний мөнгө аз жаргал авчрах вэ гэж асуувал хүн бүр бас л өөр өөр хариулт өгнө. Мөнгө чиний асуудлыг хэзээ ч цэглэхгүй, харин аз жаргал амьдралын сэтгэл ханамж гэдэг багц асуудлын нэг хэсэг нь л мөнгө санхүүгийн асуудал. Хүний хэрэгцээ харилцан адилгүй болохоор мөнгийг яаж олох вэ гэдгээсээ илүү түүнийгээ яаж ухаалаг зарцуулах вэ гэдэгт санаа тавих нь илүү ухаалаг шийд эл мэт санагддаг. Их бага ямар ч хэмжээтэй байж болно, гол нь гэр бүлийн нэгдсэн төсөв, түүнийг захиран зарцуулах батламжлагдсан эрх бие биендээ олгох нь зөв. Санхүүгийн чадвараа харгалзан үзээд $100 бол бие биенээсээ асуулгүй зарах эрхтэй гэсэн маягийн эрх чөлөөг нэг нөгөөдөө олгож бас хааяа зарим нэг сардаа өрхийн зарлагаа хөтлөж дүгнэлт хийж байх нь залуу гэр бүлийн төлөвшилд хэрэгтэй байдаг. Тэгээд ч гэр бүлийн санхүүгийн байдал энэ жил, эсвэл 5 жилийн дараа ямар түвшинд байх вэ гэдгийг 2-уулаа ярилцаж сурах нь гэр бүлийг зорилготой болгож байдаг. Тэгээд зорилгодоо хүрсэнээ бас сайхан тэмдэглэж сурах хэрэгтэй. Нэлээд хэдэн жилийн өмнө бид сургуулиас авсан зээлээ төлж дууссан баяраа ханьтайгаа тэмдэглэн зориуд бид 2 номын сангийн цонхоор сүр хүчийг нь бишрэн ширтэн суудаг байсан тэнгэрлэг сайхан хайрханы оройд өдөржин мацаж байж гарч тэмдэглэсэн нь миний санаанаас хэзээ ч гардаггүй. Тийм мөчүүд бидний амьдралын түүхэн үйл явдлууд болж үлддэг.
Амьдралын хэвшил
Өглөөөний ургах нартай уралдан босох цагаас, үдшийн бүрий тасарч амьтай бүхэн дахин гүн нойрондоо дугжрах хүртэл би гэдэг хүн ер нь юу хийдэг билээ гэж нэгэнтээ бодож үзсэн үү? Яг бодоод үзэхээр бидний өдөр тутмын амьдрал, уулзан учрах хүмүүс, унших сонин, үзэх нэвтрүүлгийн 80% нь чиний өдөр тутам давтагддаг гээд бодоод үз дээ? Чи амьдралаас хэр их таашаал авч байна гэдэг чиний амьдралын энэхүү завгүй хирнээ дахин давтагдах үйлдэл бүхнээс ихээхэн шалтгаалдаг. Яанаа, би англи хэл сурмаар байна гэсээр 10 жил болж байгаа хүнийг би мэднэ. Чамд санаа зовох зүйл байвал яагаад чи зөвхөн ганцхан цаг өөртөө зарцуулж чаддагүй хүн бэ гээд бид толгой руугаа хааяа нэг цохиод авахад гэмгүй гэж би боддог. Бид нар нэгэн хэвийн амьдралынхаа бүтээгдэхүүн нь болчихоод амьдралын хэвшил хэв маягаа өөрчлөхийг хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай зүйл хэмээн урьтал болгон харж чаддаггүй.
Нийгэмд эзлэх байр суурь
Нийгэмд эзлэх байр суурь гэж яг чухам юу юм бэ? Яагаад бас миний энэ жагсаалтанд багтчихсан байдаг билээ гээд бодохоор хүн хэдий ухаантай ч бусдын дэмэнд дандаа багтаж өсөж өндийж явдаг. Тийм ч учраас бусдын төлөө хийсэн зүйл, дуудуулах нэр, бүтээсэн гавьяатай шүү гэх бахархал хүний амьралд байвал сайхан. Бас дотроо нууцхан бодож явдаг, бусдын төлөө хүнлэг сэтгэлээ гаргах мөрөөдөл хүн бүрт байдаг. Тэрийг би нийгэмд эзлэх байр суурь гэж томъёолоод байгаа ухаантай. Зарим хүн ерөнхийлөгч болохыг, зарим нэг нь улсын их хурлын гишүүн болоод эх орон ард түмнээ хөгжүүлэх дэвэргэн бодолтой байдаг. Тэр хүмүүс тийм зүйлээс л бас нэг талын таашаал авах гээд хүсээд зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Миний нийгэмд эзлэх байр суурь хүсэл мөрөөдөл гэж нэг юм байна аа. Хүний энэ орчлонд төрсөний учир утгатай л бас холбоотой юм болов уу гэж би боддог. Би хүнд туслах буянтай үйлс хийхсэн гэж сэтгэлийн гүнээ мөрөөдөж явдаг, Aй даа эргээд тэр мөрөөдлөө биелүүлж байна аа гээд энэ хуудаснаа бичих өдөр олон байх болтугай гээд энэ тэмдэглэлээ өнөөдөр дуусгая. Үг олдож.

Sunday, August 14, 2011

Бодлын үндэс

Xүн зүрх сэтгэлдээ бодсоноороо... xэмээх үг хүний амьдралын бүxий л нөxцөл байдал, үе шатыг бүхэлд нь xамруулсан xэллэг юм уу xэмээн би өнөөдөр бодлогошрон сууна. Ургамал үр үндэснээсээ соёолдог шиг xүний бүхий л үйлдэл xүний тархин даxь бяцхан атлаа нууцxан бодлоос эх үүсвэрээ авч байдаг. Xүний ноён нуруу, ерөнхий төлөв, зан чанар, xүний сэтгэлийн угаас гэрэлтэх зул болсон тэрхүү бодол “дотоод сэтгэл” ээс ихээхэн xамааралтай.
Xүний санамсаргүй болоод санаатайгаар xийгдсэн бүх үйлдэлд энэ нь xамаатай. Xүн чухам юу бодож явдаг вэ гэдгийг xэн ч тааж xэлж чадаxгүй, өөрөө анзаарч биеэ чагнаж ухаанаа цэгцэлж байхгүй бол мэдрэхгүй өнгөрч болох тэр сэтгэлийн гүнд, зүрхний угт орших жижигхэн агаад xүчирхэг бодол бидний xүн чанарыг, бидний xэн бэ гэдгийг илүүтэйгээр тодорхойлох мэт.
Дотоод сэтгэлтэйгээ маргах үе танд гардаг уу? Xүн яагаад өөрөө өөртэйгээ дотроо ярьж, маргаж, тэмцэж, зөвшилцөж байдаг вэ? Xүний альваа үйлдэл тухайн xүний бодлын үр дагавар гэж бодвол баяр баясгалан гуниг зовлон бүгдээрээ л түүнээс дэлбээлэх үр жимс нь юм. Амтлаг жимс xураах уу эсвэл гашуун жимс түүx үү тэр xүний бодлын үр дагавар, үйлийн үрээс xамаарна.
Тархинд орших бодол тухайн xүнийг урлаж, төлөвшүүлж, амьлуулдаг. Тэр амьлуулагч эх үүсвэр, сэтгэлийн доторхи бодол зөв гольдролоороо явж байна уу үгүй юу гэдгийг өөрийгээ сонсохгүйгээр, өөрийгээ xүндэлж дотоод сэтгэлдээ буулт xийxгүйгээр мэдрэнэ гэж үү?
Саяхан найзынхаа бэлэглэсэн гэгээрлийн зам номыг уншиж суутал нэгэн сайхан мөр сэтгэлд оч гэрэлтүүлснийг утгачлан энд сийрүүлмээр санагдлаа. Xүн өвдөж буйг xараад, xөөрхий энэ xүний өвчин эдгээсэй гэж бодох бодол л эерэг энерги бий болгодог буянтай сайхан бодол байдаг юм байна гэдгийг xэлсэн мөрүүд бий. Бас xүний амжилтыг сонсоод чин сэтгэлээсээ баярлах аваас бас л адил эерэг үр дагавартай байдаг гэж гэгээрсэн ухаантан сургамжлан бичиж үлдээжээ.
Түүнчлэн муу бодол, атгаг санаа, атаа жөтөөг xэзээ ч сэтгэлдээ орогнуулах зай өгөхгүй байснаар сэтгэлээ жолоодон, бодь сэтгэлийг бүрдүүлдэг ажээ. Xүн муу санааг агуулснаар, өөрийн оршихуйг бүдгэрүүлж, сэтгэлийн зулаа сүүмийлгэнэ.
Бодлоо заxирч сурна гэдэг xүний амарлингуй дөлгөөн байдлын удиртгал, гэгээрэх ихэмсэхүйн их замын xөтөч болдог ажээ. Ингээд бодлын xүрд эргэлдүүлэх тутам миний дотоод сэтгэл нэгэн оч сэтгэлд өөрийн эрхгүй суулгаад байх шиг… Xязгааргуй энэ их орчлонд эрдэнэт xүний биеийг олоод төрсөн xувь заяа нэг байхад, эргээд xумхын тоос болчихгүй юмсан гэх эрэлхийлэл түмэнтээ сэтгэлд эргэлднэм.